Бичсэн Г. Батболд
Эх сурвалж http://www.orloo.info/readfull/life/5856-tavtai-moril
“Эртний их түүхтэй, домог болсон нутагтаа хэзээ нэгэн цагт очиж сайхан амьдрана даа..” гэж ирэх ирэхгүйгээ мэдэхгүй ч гэсэн байнга бодож, гэгээн мөрөөдлөөр жигүүрлэж явдагийг чинь гадаадад багагүй хугацаанд амьдарсан би сайн мэдэх билээ. “Үхэж байсан ч Монголд ирэхгүй...” гэж байсан хүнтэй таарч байсан ч цөөхөн гэдэгт итгэнэм. Өөр орны иргэншил авсан болон оршин суух эрхтэй манай зарим иргэд зуны дэлгэр цагт ирээд хэд хоноод буцахдаа хэт хийсвэр дүгнэлт өгсөн харагддаг. Технологийн хөгжлөөс үүдэн дэлхийн хаана ч байсан монгол орны тухай бүгдийг үзэх боломжтой ч уран сайхны хэтрүүлэг нь ихдэж үнэнээс хазайсан байх нь олонтаа. Энд амьдрах гэж ирэх гэж байгаа бол гарч болох эрсдэлийг тооцоод, нилээн сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан нь дээрээ. Сайн муу бүгдийг нэг доор багтаах хэцүү ч гадаадаас ирэхэд хамгийн түрүүнд учрах зарим бэрхшээлийн талаар хэлье.
Хүүхдийн тоглоомын талбай, хөгшчүүлийн амьдрах газрыг булаагаад баахан чанаргүй барилга барьсан хот төлөвлөлтийн замбараагүй бодлогын харгайгаар Улаанбаатарт амьдрахад их хүнд болсон нь нууц биш. Хүн бүр ярьдаг нэг асуудал бол нөгөө “цуутай” агаарын бохирдол. Үнэндээ өвөлдөө үр хүүхдээ баглаа боодолтой л явуулна гэж. Гамшигийн түвшинд очоод байгаа энэ асуудал хэдхэн хүний бизнес болоод байна. Утаатай тэмцэх нэрийн доор баахан мөнгө хусаж байгаа тэдэнд тэдэнд энэ хэвээр нь он удаан жил байлгах маш ашигтай байгаа нь нууц бишээ. Гаднаас ирэх хүмүүсийн хувьд бол их хүнд тусдаг юм. Нутгийн сайхныг бол үнэндээ хөдөө гадаа явж байж л мэдэрнэ дээ. Гадны хөрөнгө оруулалтгүй том компани бол монголд цөөхөн, Улаабаатарт сүндэрлэж байгаа ихэнх барилга ч гадны хөрөнгө оруулалттай, эд нар хэзээ ч оросууд буцсан шиг манайд үл хөдлөх хөрөнгөө бэлэглээд буцахгүй нь ойлгомжтой. Өргөн уудам нутагтай, баялаг ихтэй эх газрын орон, охид хүүхнүүд нь үзэсгэлэнтэй гээд л тэдний энд оршин тогтнох шалтаг мундахгүй... Гашуун боловч үнэнтэй эвлэрэхээс аргагүй ийм л нөхцөлд орчихоод байна. Ирээд хичнээн чадалтай байгаад ямар нэгэн ажилд орох, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зөвшөөрөл авах гэх мэтчилэн хахууль өгөх зайлшгүй шаардлагууд хөврөнө. Их бага нь хэр танил талтай, ямар түвшний хүнээр хөөцөлдүүлж байгаагаас хамаараад янз бүр. Монголд бүх юм бизнес болоод байна шүү дээ. Төрөөс төрсөн тэрбумтнууд тоогоо алдсан, тэдний амьдардаг хаус, унаж байгаа унаанаас авахуулаад хэрэглээ бол гадны баячуудаас дутахаа больсоныг ирээд мэднэ дээ...
Хэтрүүлэггүй хэлэхэд “зам бол там”. Саяхан дэлхийн хамгийн муу замтай орны нэгээр шалгарсан тухай олон хэвлэлээр гарсан даа. Яс юман дээр огт замгүй орноор шалгарчихаагүй нь их юм. Машиндаа суухаараа их зэрлэг догшин болно эр эмгүй, энгийндээ ийм “дайчин чанартай” байсан бол өдийд “бар” болчихгүй юу. Буугаад өөрөө явган алхаад зам хөндлөн гарна гэж хэзээ ч бодохгүй. Манай нэг найз солонгосоос ирээд зам хөндлөн гарах гэж 15 минут зогсоод чадалгүй буцаад гэртээ орж байсан юм шүү! Шууд гүйгээд л завсараар нь гарахгүй, “пээдийж” байгаад дайруулвал хохь болмой. Зөн билэг хувь тавиландаа л найдаж явах хэрэгтэй. Шөнө орой машинтай явах ямар хэцүүг гэрэлтүүлгийн асуудалтай хамт http://www.orloo.info/readfull/life/5772-hot) дээр бичсэн байгаа, давтан нуршаад яах вэ. Замын цагдаа сайн муу машин гэхгүй сайхан торгоно. Ганцаараа газар дээр нь хэрэг зөрчлийг “тогтоогоод” “шүүгээд” “яллаад” “шийтгээд” ногдуулна. Ямар “traffic court” монголд байх биш эвлэрэхээс арга байхгүй. Тийм юм яриад ойлгох хүн ч байхгүй. За тэгээд галт тэрэг, онгоцоор зорчих үе их гарна. Ерэн хэдэн оноос нэг ялгаатай зүйл нь осолтгүй нэг гахай чирсэн наймаачид алалцаад, толгойн дээрээ гишгэлцээд байхгүй болохоос вагоны үйлчилгээ хэвээрээ. Тэр МИАТ-ын онгоцны үйлчилгээний менежмент харанхуй чигээрээ шүү. Дэд бүтцийн зарим нэг асуудлууд товчхондоо иймэрхүү.
Монголд хамгийн их хөгжсөн бизнес бол баар, ресторан ,буудал байна. Хаанахын ямар ч сайхан хоолыг мөнгөтэй бол идэж болно. Уушийн газрын тохижилт, дотоод заслыг хаанахын ямар ч улсаас дутахгүй хийнэ. Шоудалтаас үүдэн гэмт хэргийн гаралт ихтэй. Сэтгэлд хүрсэн үйлчилгээ авна гэдэг бол төрийн ч, хувийн байгууллагад ч хэцүү. Дэлхийд алдартай түргэн хоолны сүлжээнээс нэг нь ч байхгүй. Хоол хүнсний аюулгүй байдлын хувьд бол хэцүү асуудал эхэндээ их гарна. Аажимдаа орчиндоо зохицоод болох л байх. Сүлжээ дэлгүүрүүд ихтэй болсон учраас заавал хүнсний зах гэлгүйгээр боломжийн үнээр хүнсээ цуглуулж болно. Гэхдээ тэр “боломжийн үнэ” маань дундаж цалин нь 200$ хавьцаа манай орны хувьд бол гамшиг. энэ талаар http://www.orloo.info/readfull/life/5751-buhimdal дээр бичсэн байгаа. За тэгээд болох болохгүйн тухай бүгдийг ярьвал энэ нийтлэл хэт нуршуу болохоос учраас энэ талаар ингэсгээд зогсоё.
Манай улс хуучин нийгмээс зах зээлийн нийгэмд шилжсэнээр хүмүүст урьд нь хэзээ ч байгаагүй өргөн боломж нээгдсэн боловч хууль зүй төгөлдөршөөгүй, сайн муу, зөв буруугийн үнэлэмж тогтоогүйн харгайгаар луйварчдад “илүү өргөн” боломж гарчээ. Тэд Монгол орны хууль цааз, шийдвэр гаргах бүх түвшний эрх мэдэлд “эзэн” суучихаад олны хөрөнгийг тоносон шигээ, бас зогсохгүй энэ гэмт үйлдлээ “ид хав” болгон дээр нь ард түмнийг доромжлон суух болсон нь нууц бишээ. Нийт дүнгээр нь үзвэл ДНБ-нээс хэд дахин их мөнгө бэлнээр өгнө гэж “амлан”, гэрт орж ирэн гэр шүүрдэх шахаж байж эрх мэдлийг авчаад одоо нулимж суух эдгээр хулгайч нарыг дарга биш “зарц” гэж нэрлэх болсон цагт л шударга ёс хөгжиж, ард түмэн засаглалыг гартаа авах байхдаа. Дэлхийн банк, ОУВС, Азийн банк гэх мэт үндсэн зорилго нь Монгол мэтийн буурай оронд эдийн засгийн цохилт өгч, өөрсдийн хөрөнгийг угаах зорилготой байгууллагуудын брэнд хувцас өмссөн хулхи экспертүүдийн хуурамч “зөвлөгөөнд” итгэж байдаг бүхнээ тавиад дууслаа. Уул уурхайн хамгийн том “стратегийн ордууд” гадны хөрөнгө оруулагчдын мэдэлд шилжээд дууслаа. Монголчууд хамгийн муу ажлыг нь хийж хамгийн бага цалинг авч, “гадны мэргэжилтнүүд” 10 дахин өндөр цалинг авч байна. Бүр энгийн жишээ хэлэхэд, хятад барилгачин сард сая төгрөгний цалин авч байхад монгол туслах өдөрт 8000 төг авах жишээтэй. Хамгийн том ордоо өгчихөөд оронд нь “урьдчилгаа төлбөр” хэмээн захын томхон компанийн дансанд л байдаг 100 сая доллар авчаад ( үнэндээ 3%-ийн хүүтэй зээл..) тэр чекээ “музейд тавина” гэж тэнэгтдэг засгийн газар дэлхийд байхгүй. Мөнгөний нийлүүлэлтийг өөрсдөө хянах эрхгүй эдийн засгийн хувьд хараат, үндэсний валютийн ханш нь элгээрээ мөлхөж байгаа нь экспортлогч биш импортлогч орны хувьд нэмэр дээр нэрмээс болж ядуурал өдрөөс өдөрт нэмэгдэж байна. “Ямаагаа өсгөе, ноолуур их самнаж мөнгө олоё...” гэж ямаатай хүмүүст 30 сая доллар тараачихаад жилийн дараа “хайран мөнгө үрлээ. дэмий юм байна. Ямаа их өсвөл бэлчээргүй болдгийм байна...” гэж авдаг лаг даргыг юу гэх вэ. Хүний тайван амьдрахад шаардлагатай энгийн хэрэглээний асуудлыг шийдэж чадаагүй байж, бэлэн мөнгө тарааж инфляцийг хөөргөдөж, улам хүнд байдалд оруулж байгаа нам засагтай байснаас байгаагүй нь дээр.
Эцэст нь хэлэхэд, хурдан орчиндоо зохицох нь эхлээд их чухал байх. Тэгэж чадалгүй бухимдсаар байгаад буцаад гадагш гарсан хүмүүс их байна. Эхлээд тулгарах бэрхшээлийг яриад байгаа болохоос бус сайн сайхан зүйлсийг мэдрэе гэвэл болох байлгүй дээ. “Би гадаадад олон жил сурч боловсорсон, ажиллаж амьдарсан, ...сэтгэлгээний хувьд өөр” гээд л цээжээ дэлдээд байх юм бол энд амжилт олохгүй. Хувийн биш багийн манлайлал үзүүлж чадах сэтгэхүйтэй хүмүүс л нийлж энэ аалзны торыг татаж чадахаас биш ганцаараа хувиа борлуулаад юунд ч хүрэхгүй. Тэрнээс гадаадаас ирээд бүгдийг нойлоос эхлээд хувийн амьдралын хувьд бол өндөр амжилтанд хүрсэн хүмүүс маш их байгаа. Бид гадаадад сурч мэдсэн давуу талаа ашиглан, эвлэлдэн нэгдэж, нэг цөм болон гарахгүй бол одоо улс орны ирээдүйн хувьд бол эвгүй л байна. МАСЗХолбоо гэх мэт намын залгамж халаа, эх орны ирээдүй гэх мэтээр өөрсдийгөө сүржин нэрлэсэн залуучуудад огт итгэж болохгүй. Байж байгаад нэг хурал чуулган зарлаж уриалга гаргаж, амралтанд очин эр эмгүй, эх толгойгүй архидан завхайрдаг энэ нөхдүүдийн паян бол ах нараасаа дутахгүй... Эрх баригч хоёр нам ямар ч сөрөг хүчингүй, хөнжил дотроо бүгдийг хувааж байгаа нь аль хэдийн нууц биш болж, аалзны тор мэт сүлжээ нь өдрөөс өдөрт өргөсөж, гадны ямар ч мафиас дутахааргүй хөрөнгөжиж байна. Гадаадад нэр төртэй сурч ажиллаж амьдарч, монгол улсдаа байгаа олон мянган хүний амьдралыг давхар үүрч яваа та бүгд нэг сэтгэлээр нэгдэхгүй аваас бидний үр хүүхдийг ямархан хувь тавилан угтахыг таашгүй. Монголчууд бие биенээсээ зугтаж биш, улиг болсон “тамын тогооныхон” биш гэдгээ харуулж, эвлэрэн нэгдэж, эх орондоо ирэхдээ эзэн шиг ирэх цаг болжээ. Эх орондоо тавтай морил!
No comments:
Post a Comment