***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007

Sunday, November 20, 2016

Фэйсбүүкчид, “галзуурсан философичид, лам нар” төвд, монголын шашины асуудлыг

Фэйсбүүкчид, “галзуурсан философичид, лам нар” төвд, монголын шашины асуудлыг эсэргүүцэн уурсаж, харанхуй мунхагаар дооглон шоглох нь хөх инээд хүргэнэм.
АНУ, Европынхон Төвдийг романтизмын нүдээр харах нь тусдаа нэг асуудал. Төвд хүмүүст энэ нь маш таатай нөхцөл болсон нь бас өөр асуудал.
Төвд соёл, сэтгэлгээнд харгислал, мунхаглал, дэмийрэл маш ихээр байдаг. Гэхдээ дэвшилтэт зөв санаанууд ч байдаг. Бид авахаа авч, хаяхаа хаядаг л байх хэрэгтэй. Би мэдэхгүй, чадахгүй, ойлгохгүй байна гэхийн оронд, яагаад ийм юм бол, яаж ингэдэг юм бол, би мэдмээр байна, би ойлгомоор байна гээд уншиж судлаачээ.
Та нарт хоёр ном санал болгоё: Бадамсамбуугийн түүх намтар мөн үхэж буй нэгэндээ уншиж өгдөг Бардо Төдэл (монголоор “Сонсгоод тонилгогч”) номыг уншсугай.
Зарим нэгэн “Ум, дудари, дүри суха, эмо, пад” гэх мэт хэн ч мэдэхгүй, хачин гажиг үг хэрэглэж байгаад гомдолложээ.
Төвдөд буддын шашиныг Бадамсамбуу (Padmasambhava, төвдөөр Пема гүрү) гэх өнөөдрийн Пакистаны газар нутагт байсан Уддияана гэх хаант улсад төрсөн хүн 8 зуунд дэлгэрүүсэн гэж үздэг. Бадамсамбуу гэхдээ цэвэр буддагийн сургаалийг биш тантра гэх хиндуизм нэгэн урсгалыг холилдуулан түгээв. Хэрэв та дээрх үгүүдийг ойлгохгүй бол тантраг судал, Бадамсамбуугийн түүхийг унш.
Төвдийн нутгаар аялан, буддизм/тантризмыг түгээхдээ уул усны савдагуудыг тантрын хүчээр номхруулсан талаар Бадамсамбуугийн намтарт бичигдсэн байдаг.
Тэр үед төвдүүд уул, усны лус, савдаг шүтдэг байхаас гадна өөрийн шашинтай байсан нь байгаль анимизм, бөөгийн холимог шашин Бон юм. Бон шашины лам, Бадамсамбуугийн дэмжигчдийн хооронд мэдээж оюун санааны тулаан болсон нь ойлгомжтой. Эцэстээ төвдөд уугуул шашин, бөө, Бон, тантризм, буддизм, мухар сүсэг гээд маш олон зүйлс сүлэлдсэн соёл, шашин үүссэн нь ойлгомжтой.
За бас хэсэг хүмүүс алтан хайрцаг гэж юу байдаг юм, үхсний дараах 49 хоног гэж мухар сүсэг зэргээр эсэргүүцжээ.
Тэгвэл та нар Бардо төдэл номыг унш (болж өгвөл төвд хэлээрээ нь уншаарай хаха). Монголоор “Сонсгоод тонилгогч” гэнэ.
“Бардо Төдэл” буюу “Шат/үе/хавцгай хоорондох байдлаас сонсон ангижирах/чөлөөлөгдөх” гэсэн утга буюу үхэж буй хүнд уншиж өгдөг ном байдаг. Энэ ном бол гайхамшиг. Амьд бүхэн үхнэ. Үхэл бол ярихгүй мэдэхгүй табу сэдэв биш. Хэвэр чи өөрөө оюун ухааныхаа тусламжтайгаар үхэлдээ бэлтгэж чадахгүй бол энэ номын тусаар амьд байхдаа үхэлдээ бэлтгэх хэрэгтэй гэсэн үзэл санаа юм. Тиймээс энэ номыг уншиж өөрийн оюун ухаанаа үхэлдээ бэлтгэнэ. Яг үхэж байгаа хүний дэргэд лам суун чихэнд нь номыг уншиж өгдөг. Номын утга агуулга бол үхэж байгаа хүний амь/сүнс/оюун үхэх явцдаа, замдаа, хувиралын шатандаа янз бүрийн дүрс үзэж маш ихээр айж, цочирддог. Тиймээс түүнд тусалж, айдасыг нь авч, хувирал/шилжилтийн замыг нь лам, ном хоёр дагалддаг. Ном уншиж буй хүний хоолой, дуу түүнд хүрнэ гэж үзнэ. Үхэх шат явцдаа харж буй олон дүрс бол чиний өөрийн чинь төсөөлөл, дүрслэл, бодит зүйл биш гэдгийг хэлж, зоригжуулдаг ном юм. Энэ ном бөгөөд бусад холбогдох материалыг уншвал илүү ихийг ойлгох болно.
----
Төвд, уйгар зэрэг үндэстний үүх түүх, тэдний бидэнтэй харилцах харилцаа зэрэгт бид маш өндөр ухаанаар хандах ёстой. Тэдний түүх, соёлыг эсэргүүцэн, шүүмжлэхээсээ илүүтэй мэдэж, ойлгох нь чухал.
Учир нь тэдний түүх, соёл, зовлон, жаргал биднийхтэй маш нягт холбоотой. Хэрэв тэдний соёл, түүх, хэл бичигийг үгүйсгэн, шоолох, эсэргүүцэн дарах аваас монголчууд өөрсдийгөө шоолж, эсэргүүцэж байна гэж бодох хэрэгтэй.
Учир нь төвд, уйгар зэргийн түүх биднийхтэй маш нарийн холбоотой (манай нэгэн философичийн хэлсэн шээсээ уулгах, охин хүчиндэх, эмэгтэй хүний шилбэний яс, эмэгтэй хүнд хандах хандлага зэрэг бол тусад нь авч үзэх өөр асуудал. Хаа сайгүй тэнэг, мунхаг, дарангуйлагчид байдаг).
Тэдний хэл бичгээр маш олон түүхийн ном сурвалж бичигдсэн, тэндээ бидний тухай ч өгүүлсэн байдаг. Монголд болсон зарим явдлын түлхүүр тайлал энд биш харин тэнд байдаг. Бүгдийг нь үгүйсгэн шоолвоос, түүхийн нэг л тайлбар үлдэх юм: тэр нь дэлхийн номер нэг хүч болж буй хятадын тайлбар байх болно.
Мэдэхгүй, ойлгохгүй хүндээ Далай лам яахав өнөөдөр улстөрийн хүүхэлдэй, орогнох гэргүй цагаач, барууныхны тоглоом, мухар сүсэг гэх өтөнд идэгдсэн байж болно. Энэ өнцөгөөс харан дүгнээд эсэргүүцэх нь үнэхээр гүехэн сэтгэж, ойлгож буйн илрэл.
Асуудлыг эсэргүүцэн тулалдах эсвэл номхон хүлцэнгүйгээр даган дуурайх шаардлагагүй. Ухаанаа ажилуулж, яагаад, яаж гэх асуулт асууж, бодит байдлыг харах хэрэгтэй.

No comments:

Post a Comment

Blog Archive

Popular Posts