***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007

Sunday, June 14, 2015

Мүүн гэх сектийн Монгол дохь системийн талаар


****************
Урьд нь сектийн гишүүн байсан хүмүүсийн фэйсбүүк дэхь мэдээллийг уншаад энэ сектийн системийг ойлгохыг хичээлээ.
Тэдгээр хүмүүсийн бичснээс ерөнхийд нь дүгнэвэл, хувь хүнийг нийгэм, гэр бүлээс нь тусгаарлаж, түүний хамгийн унаган эрхийг хязгаарлан, сектийн эрхшээлд байлгах, тодорхой зорилготоо системтэйгээр ашигладаг үйл ажиллагаа манай Монголд явагддаг юм байна. (Зурагт бичсэн хүн бүхий л үйл явцыг маш нарийн, дэлгэрэнгүй бичсэн байна.)
Энэхүү сектийн үйл ажиллагаа нь юун түрүүнд хувь хүний унаган эрхийг таслан, түүнийг бусдаас тусгаарлахад чиглэдэг гэж ойлгож болох юм байна. Хамгийн тод жишээ нь гэр бүл, ялангуяа эцэг эхтэйгээ холбогдож буй сэтгэхүйн холбоог нь таслах (“та бүхний аав ээж бол ... та бүхний жинхэнэ аав ээж биш”).
Насанд хүрээгүй хүүхдэд, залуучуудад энэхүү сэтгэлгээг үүсгэх нь ямар хор уршигтай байж болохыг бид төсөөлж болно: хамгаалах, өмгөөлөх хүнгүй мэт, чиглүүлэгч, хүмүүжүүлэгчгүй мэт, эцэг эхээс төрөөгүй мэт, гэр бүлгүй мэт, харъяалагдаж, хамаарах нэгдэлгүй мэт байх нь сэтгэхүйд нь ямар өөрчлөлт явагдахыг төсөөлөх боломжтой. Нэгэнт эцэг эхгүй, гэр бүлгүй гэж сэтгэх хүүхэд залуус миний жинхэнэ эцэг эх хэн бэ гэж асуухад, хариулт нь бэлэн: Ноён Мүүн болон түүний эхнэр чиний оюун санааны эцэг эх мөн. Тэдний сургааль, хүмүүжил мүүн сектийн багш нараар дамжин хэрэгжих бөгөөд чиний гэр одоо төв нэртэй сүм юм.
Хүүхэд, залуу насанд хүрэгчдээс гадна, ганц бие эсвэл бэлэвсэн хүмүүс эсвэл хөдөө нутгийн оюутнууд энэ сектийн зорилтот групп байдаг нь мөн л нийгмээс хурдан тусгаарлах боломжтой, ямар нэгэн гэр бүлийн харилцаанд хараахан ороогүй, эсвэл түүнийгээ алдсан хүмүүс, хот суурин газарт шилжин ирж хөлөө олоогүй байгаа оюутнууд байна.
Нэгэнт гэр бүлгүй болсон эсвэл тэднийгээ хайж буй дээрх дөрвөн бүлгийн хүмүүсийн (1. Хүүхэд, залуус 2. Ганц бие 3. Бэлэвсэн 4. Хөдөө нутгийн оюутнууд) хэрэгцээг хангах эрэлт нийлүүлэлтийн систем нь үйлчилж эхэлдэг байна. Жинхэнэ эцэг эх нь тодорхой болсон тул тэдэнд хань, ижлийг нь олж өгөх үүргийг сект зохион байгуулалттайгаар хийдэг (“ганц бие болон бэлэвсэн хүмүүс анкетаа Солонгос явуулдаг...анкетаас нь ...хоорондоо суу гэдэг...үүнийг адислалд орох гэдэг”). Ямар үзүүлэлтээр тэднийг сонгодог нь цааш судлах судалгааны сэдэв.
Сектээс зохион байгуулалттайгаар гэр бүл болсон хүмүүс хүүхэдтэй болвол чөтгөрийн хүрд дахин эргэж, хүүхдүүд нь Мүүний хүүхдүүд болох юм байна. Анхнаасаа өөрийгөө шинэ Есүс эсвэл дахин төрсөн Майдар бурхан гэж нэрлэсэн С.М.Мүүний хүүхдүүд тул тэд “бурханы бүтээлээр” тодорч дээд зэрэглэлийн “шинэ хүмүүс” үүсэх ажээ. Энэ мэтчилэн гэр бүлийн харилцаа устахын хажуугаар зэрэглэл ангилал үүсч, үе хоорондын үл ойлголцол, үл итгэл, харилцан өрсөлдөөн, үл хүндлэл үүсэх юм байна (“хүмүүсийг 1-р, 2-р зэрэглэлийн гэж ангилдаг...гарсан хүүхэд нь 2-р үеийн шинэ үеийн бурханы хүүхдүүд ...илүү зэрэглэлийн онцгой ухаантай бурханы бүтээл”).
Ямар ч хүнийг гэр бүлээс нь салган, тусгаарлах амархан биш. Тиймээс шат дараатайгаар, зохион байгуулалттайгаар энэ ажиллагаа явагддаг байна (“тэндээ сургалтууд явуулдаг...сонин зүйлс хийлгэдэг...солонгосчуудаа багш нар гээд шүтчихсэн”).
Гэр бүлийн харилцааг зөвхөн бие махбодийн харилцаа, материаллаг хэрэгцээ мэтээр итгүүлэхийн тулд зорилтот группынхээ хүмүүсээ амралтын газрууд, төвүүд гэх мэт тусгай орчинд оруулан, бөөнд нь байлгаж, нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулж, гэр бүл гэх мэдрэмжийг өгнө. Гэр бүлийг үүсгэхэд шаардлагатай хамгийн чухал зүйл бол сэтгэлийн холбоо, хамтаараа туулсан сэтгэл хөдлөлүүд юм. Энэ бүхнийг тусгай төвүүддээ нийтээр, зохиомлоор үйлддэг ажээ. Жишээлбэл нийтээр маань унших, нийтээрээ мөргөх, нийтээрээ уйлах эсвэл үхэл хагацлыг зохиомлоор жүжиглэж, айдас болон хагацлын зовлонг мэдрүүлэх гэх мэт (“авсанд хэвтүүлээд дээрээс нь шороо цацаж олноороо залибрал үйлддэг...олноороо учир зүггүй уйлдаг...бөөнөөрөө зэрэг уншина”).
Сэтгэл хөдлөлийг манипулюц хийхээс гадна эрүүдэн шүүхтэй дүйцэхүйц арга ашигладаг байна. Жишээлбэл унтахыг хориглох, хооллохыг хориглох (“Бас унтахгүй...мацаг барина...унтуулдаггүй...сүүлдээ нүд анилдан ухаан алдмаар болж”).
Дээрх үйлдлүүдийгээ дагалдуулж өөрийгөө бурхан, Есүс, Майдар гэж тунхагласан С.М.Мүүний номлолыг гишүүдийнхээ сэтгэхүйд суулгаж өгдөг ажээ (Жинхэнэ гэх ээж аавдаа мацаг барина, зургийнх нь өмнө мөргөнө, зургийг өөрийн биедээ хадгалах гэх мэт). Унтах, идэх боломжгүй байдалд оруулаад сэтгэл хөдлөлийн манипулюц хийж өөрийн оюунаар үнэлэлт дүгнэлт хийх чадварыг алдагдуулах, шийдвэрлэх эрхийг хасах, итгэх итгэл, хүсэл зорилгыг сулруулах, үгүй хийх аргууд хэрэгждэг байна. Эрүүдэн шүүлтийн дээрх аргууд АНУ-ын тусгайлсан шоронгуудад ихээр ашиглагддаг талаар мэдээлэл бий.
Гэр бүлгүй, унтах, идэх хоригт орох хүмүүст дараагийн нэг тамлал ирэх нь өөрийн ажил мэргэжлээ үйлдэх, хүссэн газраа ажиллах боломжийг нь хориглох. Ингэснээр нийгмээс тусгаарлах үйл ажиллагаа улам лавширахаас гадна санхүүгийн хувьд хараат болдог байна. Санхүүгийн хувьд хараат хүн гэр бүлээ тэжээх боломж хумигдснаар ядуурах ба ядуу гэр бүлүүдэд тусламж шаардлагатай тул яалт ч үгүй эргээд сектдээ хандахаас өөр аргагүй болдог бололтой (“ажил хийхийг хориглодог, зөвхөн төвдөө ажиллах...төвийнхөө төлөө гэр бүлээ хүртэл ядуу амьдруулсан”). Чөтгөрийн хүрд цааш эргэж санхүүгийн хараат хүмүүс үнэгүй хоол, бэлэг, сургалтанд хууртагддаг ажээ ("үнэгүй хоол, бэлэг тараадаг"). Нэгэнт сектээсээ, төвөөсөө сэтгэл санаа болон санхүүгийн хувьд бүрэн хараат болсон иргэдээс олон янзын санхүү, хөдөлмөрийн ажиллагаа шаардахад хялбар. Жишээлбэл гудамжаар бараа товарь заруулах гэх мэт.
Эцэст нь дүгнэхэд системтэй, зохион байгуулалттайгаар хувь хүмүүсийг үзэл суртлын эрхшээлд оруулж, сектээсээ хараат болгож, түүний үндсэн эрхүүдийг зөрчин, жишээлбэл гэр бүлээс нь тусгаарлах, хань ижлээ сонгох эрхийг нь хаах, ажил мэргэжлээ үйлдэх эрхийг нь хорих гэх мэт, хүсэл зорилгыг устгаж, итгэл үнэмшилийг өөрчилөн шинэ хүн үүсгэх ба үүндээ тусгай арга барил ашигладаг ажээ (“дийлэнх итгэгчид нь маш хүлцэнгүй, ноомой,дорой, сулбагар хүмүүс байдаг”).
Хэрэв энэ сектийн үзэл номлолыг манай иргэд, улс төрч, урлаг соёлынхон шүтдэг бол нэн шинэ үе айсуй гэдгийг ойлгох шаардлагатай болжээ.

No comments:

Post a Comment

Blog Archive

Popular Posts