***Philosopher***Activist***Photographer***Translator*** since 2007

Showing posts with label философи. Show all posts
Showing posts with label философи. Show all posts

Saturday, December 24, 2016

Орчин үеийн банк нь өнөө цагийн феодалууд юм.

reading Killing the Host: How Financial Parasites and Debt Bondage Destroy the Global Economy.

Орчин үеийн банк нь өнөө цагийн феодалууд юм. Банкууд үл хөдлөх хөрөнгө, газрын баялаг, монопол компаниудыг овоо хараандаа авч, түрээсээрээ амьдардаг паразитууд болсон...Пост совет улсууд шинэ цагийн феодалын системрүү үтэр түргэн гулган орлоо... гэх мэт үнэн л бичжээ Хадсон...

Monday, April 25, 2011

Царцаа Намжилын тухай бодолууд - №1

Миний бие өнөөдөрийг хүртэл хар бор, хар мянган ажил хийж үзэв. Оюутан хүмүүнд чаддаг зүйл байхгүй ч, бас чадахгүй зүйл огтоос үгүй. Олон арван ажил хийсэн нь хорвоо ертөнцийг харж, хүний амьдралын тухай бодоход хүргэдэг билээ.

Нэгэн өдөр гэнэт Царцаа Намжил хэмээх үлгэр толгойнд минь харвасан сум мэт орж ирлээ. Учир болвоос би өөрийгөө Царцаа Намжил хэмээн мэдрэв. Гүн ухааны талаас ойлгоно уу! Энэ тухай блогтоо аль жил хагасын өмнө бичье гэж бодсон ч өдий хүртэл амжсангүй. Царцаа Намжил гэж яадаг үлгэр вэ гэж бодож ахул эндээс юун түрүүнд уншина уу: http://gunuhaanduguilan.blogspot.com/2010/01/blog-post_05.html

Тэр үед л би Царцаа Намжил гэх үлгэрийн гүн гүнзгий утга агуулгыг өөрийн биеэр ойлгон ухаарсан юм. Тиймээс энэ үлгэрийг философийн үүднээс задлан шинжилээд, хумин дүгнэхийг хүслээ.

Сосорбарам гуай Данзанравжаагийн тухай

Би бээр шүлэг яруу найрагт маруухан билээ. Данзанравжаагийн талаар Сосорбарам гуай сонирхолтой зүйл ярьжээ. Мөн түүний шүлэгээс шууд ишлэж буй нь сайхан санагднам.

Saturday, April 9, 2011

Буруу философи мөхөлд хүргэнэ


Өнөө цагийн дэлхийг эзэгнэж байгаа философи бол европ, америкын философи юм. Философийнхоо үзэл дээр тулгуурлаж шинжлэх ухаан мөн техник, технологи үүсгэсэн билээ. Шинжлэх ухаан, техник нь эргээд хүмүүсийн амьдрах хэв маягийг орвонгоор нь эргүүлэв.

Tuesday, March 1, 2011

Дэлхийн хамагийн хөгжилтэй хөл бөмбөг: Герман философичид Грек философичидын эсрэг тоглосон нь


Философийн асуудалуудыг мэддэг, тодорхой хэмжээнд гадарладаг хүмүүнд үүн шиг хөгжилтэй хөл бөмбөгийн тоглолт, үүнээс өөр байхгүй гэдэгт итгэлтэй байна!
Анх үзээд элэгээ хөштөл инээсэн бөлгөө. Та бүхэн заавал үзээрэй!

Английн, хошин шог, инээдэмийн хамтлаг Monty Python наргиа хошигнолыг ухааны өндөр төвшинд холбохдоо үнэхээр гарамгай гэдэгээрээ дэлхий даяар алдартай.



1972 оны Мюнхений зуны олимпод Герман, Грек хоёрын хоорондох хөл бөмбөгийн финаалын төлөөх маш сонирхолтой тоглолт болох гэж байна. Германы талынхан Хегелиэр удирдуулан, Каант гээд багийн философичид талбай дээр гарч ирнэ. Энэ багийн сюрприз нь Франц Бекэнбауэр. Философичидын дунд ганц хөл бөмбөгч юу хийж явна вэ?
Грекийн багийн ахлагч Сократ бөгөөд энэ багт математикч Архимед багтсан мөн л сонин хэрэг болов.
Тэмцээнийг шүүхээр аль нэг талд хамааралгүй, алс холоос Күнз иржээ.
За тоглолт эхэллээ. Шүгэл дуугарлаа. Хегель, Нийче хоёр бодолд автан шууд бөмбөгнөөс холдлоо. Виттгенштаян гээд герман талынхан бүгд гүн эрэгцүүлэлд оров. Хөөрхий Франц Бекэнбауэр ганцаар эргэлзэн, учираа олохгүй талбайн төвд зогсоно.
Грек баг мөн адил байдалд. Архимед Сократад нэгэн санааг паассаллаа. Сократ бөмбөгрүү ойртсоор ойртсоор, даанч холуур зөрөөд өглөө.

Ийм янзаар Герман VS. Грек хөл бөмбөгийн тулаан ямар ч сонирхолгүй болж байна....

Тоглолтын явцын талаар тайлбарлагч мэдээгээр хураангуйлан гаргав:
Нийче Күнзийг өөрийн чин хүсэл гээч юм огт байхгүй гэж доромжилсон учир шүүгч Күнз түүнд шар хуудас өгчээ. Германы дасгалжуулагч Мартин Лүтэр, Карл Марксыг талбайд гаргахаар болжээ. Карл Маркс талбайд гарсанаар германы талд өөрчлөлт орох болов уу гэтэл, юу ч өөрчлөгдсөнгүй ээ!
89 дэхь минутад грек талд том үйл явдал боллоо! Архимед учирыг ойлгожээ. Eureka! Оллоо! гэсээр Архимед бөмбөгрүү заалаа. Бөмбөгийг хөлөөрөө хөшиглөх ёстой юм байна гэдэгийг гүн ухааны нүсэр ажил хийсэний дараа ойлголоо. Учирыг ойлгосоноор тоглолт явагдаж эхэллээ. Эцэст нь Грекчүүд энэ тоглолтын цорын ганц бөмбөгийг, Сократд дамжуулан, хийлээ. Энэ бол Сократын карьертээ хийсэн хамагийн том гоол! Германчууд шүүгч Күнз дээр очиж маргалдлаа. Хегель бодит байдал бол натуралистик-бус этикийн зүгээр а-приори нэмэлт шүү дээ гэж учирлав. Каант өөрийн категорын императивын тусламжтайгаар бодит байдал бол онтологийн талаас зүгээр бидний төсөөлөлд байдаг учир, энэ гоолыг бүү тооцооч гэж гуйв. Карл Маркс шууд л энэ бол хавсай, offside байсан хэмээв. Шүүгч Күнз алийг нь ч хүлээн зөвшөөрсөнгүй. Шүгэл дуугарлаа. Грек гүн ухаантанууд герман гүн ухаантануудыг 1:0-оор хожлоо.

Monday, May 17, 2010

Философич эмгэг, гажиг, зөрүүд хүн биш!

Манай монгол хүмүүсийн дунд тархсан түгээмэл нэгэн сэтгэлгээг эсвэл гажиг гэмээр төсөөлөл бодолын талаар энд цухас авч хэлэлцэхээр шийдлээ.
Тэр нь "философич эсвэл философи сонирхдог хүн бол гажигдуу, элдэв юмны солиотой, элий балай юм ярьж, бодож явдаг..." гэсэн тун том эмгэг бодол юм.

Зарим хүмүүс ингэж боддогийнх нь шалтгаан бол үнэндээ тэд юу ч мэдэхгүйнх нь хар гай, мөн үүнээс гадна элдэв солиотой зүйл чалчиж донгосч явдаг хүмүүс өөрийгөө "би гүн ухаантан" гэж зарладагаас юун түрүүнд үүдэлтэй.

Философи гэж юу вэ, гүн ухаандах гэхээр яадаг вэ?
Энэ бол амархан асуулт биш, үгүй ээ ерөөс утгагүй асуулт юм.

Биологи бол амьд бие организмыг, одон орон гариг эрхэс, наран сараныг судалдаг гэж шууд хариулах боломжтой ч философийг эдгээр шинжлэх ухааны салбар шиг тодорхойлох боломжгүй. Боломжгүй учир хэдхэн үгээр "X гэж Y" хариулах утгагүй.
Философийг хүн өөрөө философидож байж л ойлгоно.

Гэхдээ философидох гэдэг нь яадаг үйл хэрэг вэ? хэзээ, хэн философиддог вэ?

Аристотелэс философи гайхахаас эхэлнэ гэж хэлсэн нь үлгэр домог мэт болжээ. Энэ нь ч үнэн юм. Гайхах гэдэг маань юу билээ? Гайхах гэдэг бол товчхондоо хэлэхэд АСУУХ үйл юм. Мэдэхгүй, ойлгохгүй, учиргүй, ойлгомжгүй, бүрхэг, нууц, буруу зөрүү, эргэлзээ гэх мэт бүгд эцэстээ АСУУХ үйлд хүргэдэг. ЯАГААД, ЯАЖ...

Жинхэнэ философич хүний хүсэл тэмүүлэл бол эдгээр асуултандаа хариулах.
Гэхдээ хариулахад учир бий. Хариулт маань ҮНЭН байх учиртай. Гэхдээ ҮНЭН гэдэгийг яаж тогтоох вэ... Үүнээс гадна хариулт маань БҮХЭЛ цогц бүтэцтэй зөрчилдөхгүй байх учиртай. Гэтэл хүмүүн бээр бүхэл бүтэцийг танин мэдэж чадах уу? Үүнээс гадна тухай юм зүйлийнхээ МӨН ЧАНАРыг танисан байх ёстой. Тиймээс монгол хэлэнд ГҮН ухаан гэж орчуулагдсан бизээ.

Буддагийн асуулт ЯАГААД бид бүхэн ЗОВНО вэ, ЯАЖ бид бүхэн энэ хараал идсэн зовлонгоос салах вэ байлаа. Сократынх бол: би ЯАЖ зөв амьдрах вэ, зөв амьдралын утга учир хаана байна вэ? Тэд дор бүрэнээ өөрсөддөө хариултаа олсон.
Харин өнөө цаг үеийн бид олсон уу?

Философичидийг бүгдийг нэгэн адил мэт бодох нь тун буруу. Хүн юм болохоор бусад бүх мэргэжил, ажил, сонирхолын хүмүүст байдаг зүйл мөн тэдэнд бий. Галзуу солиотой нэгэн, гавъяа заяагүй нэгэн, содон ухаантан гээд л бүгд л бий.

Судалгаа, сонирхолын сэдэв нь ГҮН учираас энгийн хүний ЭНГИЙН бодолтой зөрчилдөх нь зүй.
Хэн нэгэн "нар явдаг", "дэлхий хавтгай", "дурлал мөнх", "амьдрал утгагүй", "ардчилал хамагийн зөв", "хүчтэй нь ялж хүчгүй нь мөхнө","тэг гэдэг тоо байхгүй" ... гэх мэт өдөр тутамын өөрийн энгийн цэцэн ухааны дүгнэлтэндээ сэтгэл хангалуун байтал философичийн өөр бодол, дүгнэлтийг сонсоод түүнийг гаж, эмгэг, солиотой хүн байна гэдэг нь аргагүй. Яагаад гэвэл ӨӨРӨӨС НЬ ТЭС ӨӨР УЧИРаас гажиг солиотой харагданаа даа. Тиймээс ч хэдэн зуун жилийн өмнө Галилейн толгой бөндөгөс, христийн сүмийн сэлэм гялс арай л болчихоогүй.
Саяханыг хүртэл европт байгалийн шинжлэх ухаан гэдэг нэр байсангүй. Түүний оронд байгалийн философи гэгддэг байлаа. Байгалийг судалж буй хүн философидож буй хэрэг тул.

Нөгөө талаар манай монголчууд философидох, бодох, судлах, ажиглах, маргалдах, цэц булаалдах уламжлал байхгүй, эсвэл байсан ч таг мартаский, эсвэл хүмүүс сонирхдоггүй тул наад захын гүн ухааны асуулт асуудалын талаар ямар ч ойлголтгүй. Тиймээс гүн ухаан, гүн ухаантан хоёр солиотой, гажиг, мэдрэл, зөрүүд, гөжүүд, сонин санагддана.

Яаран сандран, эсвэл ганц хоёр хүнээр төлөөлүүлэн элдэв дүгнэлт хийхээ түр азаад харин та өөрөө нэг филофидоод үзвэл ямар вэ?

Tuesday, April 27, 2010

Барууны өнөөгийн философийн зарчим өөрчилөгдөж байна

Жоон Сеарэлийн "Эрх чөлөө ба Невробиологи" гэдэг номыг хальт гүйлгэн уншив. (Searle, John R.: Freedom and Neurobiology, Columbia 2007).

Номын удиртгал хэсэгт барууны философийн сүүлийн жилүүдэд гарсан зарчимын өөрчлөлтүүдийг нэрлэсэн байв (сүүлийн жил гэдэгт арав хорь гучин жилийг ойлгож байна). Миний бодож, ажиглаж байсан зүйлийг бичсэн байсан нь хүн болгон адилхан дүгнэлтэнд хүрч буй нь нилэнхүйдээ өөрчлөлт явагдан, шинэ замаар яваад эхэлсэний илрэл.

Дөрвөн гол өөрчлөлтийг тэрбээр дурьдсан байна.
1. Философийн гол асуудал танин мэдэхүйн асуудалууд байхаа болилоо. Би юмыг яаж танин мэдэж байна вэ? Мэдэж байна гэдэгээ яаж мэдэж байна? Миний танин мэдэх чадварын хязгаар чадал бий юу? Бүхэнийг таниж мэдэх чадвар хүмүүнд бий юу үгүй юу... гэх мэт Эпистемологийн асуудал Декартаас хойш Юүм Кантаар дамжаад философийн гол зүйл байв. Сүүлдээ "Чи яаж мэдэж байна вэ?" асуулт "Чи юу хэлэх/ илэрхийлэх гэсэн юм бэ?" болон хувирав. Харин өнгөрсөн зууны эцэсээс энэ асуудал анхааралын голд байхаа болив.

2. "Чи яаж мэдэж байна вэ?" асуулт "Чи юу хэлэх/ илэрхийлэх гэсэн юм бэ?" болж хувирсаны үр дүнд хэлний философи гол судалгааны сэдэв болов. Хэн үг хэллэг, өгүүлбэр, яриагаар, ерөөс хэлээр юуг илэрхийлж байна? эдгээрийг анализлах юм бол олон асуудалууд тайлагдана гэсэн зарчимаас аналитик философи хөгжив. Ялангуяа АНУ болон англи-саксаны улсуудад. Олон ярвигтай асуудалын үндэс нь бидний хэлний логик бүтэц, хэрэглээнд байна; бүхий л бодол сэтгэлгээний үйл ажиллагаанд хэл зайлшгүй хэрэгтэй гэж сүүлдээ үзлээ. Гэвч одоо дээрх бодолуудаас ангижирч, эндүүрэл байгааг хүлээн зөвшөөрчээ.

Дээрх хоёр анги дахь өөрчлөлтүүдийг наад захын философи сонирхогчид ч хүртэл олж харж буй зүйл.

3. Сеарэлийн дараагийн зүйл бол философидох арга зүйн асуудал юм. Түүнийг их сургуульд сурч байхад "эхлээд ерөнхий онол дэвшүүлэх хэрэггүй. Харин жижиг сажиг зүйлсийн учирыг олж хужирыг тунгаасаны үндсэн дээр ерөнхий онол, зарчим дэвшүүл" гэж заадаг байжээ. Энэ хэдийгээр зөв боловч өнөө үеийн бидний мэдлэг маш их, ул суурьтай байгаа учираас бид бүхэн одоо ерөнхий онол дэвшүүлэх цаг үед амьдарч байна гэж Сеарэл үзэж байгаа аж.

4. Дөрөвдэхь өөрчлөлт бол өнөөгийн захын философичид, эрдэмтэдийн аль хэдийн хүлээн зөвшөөрсөн асуудал юм. Өнөө үед философи, шинжлэх ухаан хоёрын хоорондох хатуу ялгаа, хязгаар үгүй болсон.
Анхлан шинжлэх ухаанч сэтгэлгээ, шинжлэх ухаан хоёр философийн салшгүй нэгэн хэсэг байсан ч явцын дунд салж сарнин, бие биедээ огтоос хамаагүй мэт хэдэн зуун жилийг үдлээ. Харин байгаль дэлхийг танин мэдсэний хэрээр шинжлэх ухаанчид яах аргагүй философийн асуудалтай нүүр тулгарч эхэлсэн. Олон жил гологдмол, хэрэггүй гэгдэн гадуурхагдаж байсан философийн ухаан бүхий л шинжлэх ухааны эх юм гэдэгээ одоо л эргэн санах цаг иржээ.
Европт сүүлийн 400 жил явагдсан шинжлэх ухаан, шашин, философи гэсэн хуваагдалт энэтхэгийн философийн түүхэнд гараагүй юм.

Thursday, February 18, 2010

Номын сангаа магтан дуулнам би!

Миний бие болон эгч дүү маань багаасаа номтой нөхөрлөсөөр ирэв. Эгч маань аль дөрөв таван настайгаасаа л үсэг мэддэг болоод сонины гарчиг уншдаг байсан шиг санагдаж байна. Би ч гэхдээ сургуульд ороод л уншиж сурсан. Аав ээж маань анх хэзээ бид нарт ном авч өгч өгсөнийг сайн санахгүй байна. Нас балчир байхад янз бүрийн үлгэрийн ном авч өгдөг байсанаа сүүлдээ сургуульд оронгуут 90 ээд оны эхэн үеийн зах зээл дээр байсан бараг л бүх л хүүхдийн уран зохиолын ном худалдаж авч өгдөг байлаа. Одоо ч сонирхолтой ном байвал авч өгдөг юм.

Тав зургаан нас гаруйтай байхад (үүнээс ч хожуу байж магад) бэлэглэж байсан номыг би одоо хүртэл мартдаггүй юм. Нэрийг нь сайн санадаггүй ээ. Гэхдээ тэр өдөржин л бороо орсоныг санаж байна. Ээж намайг цэцэрлэгээс аваад аавын ажил дээр очив. Тэгтэл аав бидэнд цоо шинэ, онц сонирхолтой ном авсан гэдэгээ хэлээд үзүүллээв. Үнэхээр шинэ цаасны үнэр, өө сэвгүй нугалаа үрчилээгүй гял цал хоёр гурван ном. Тэндээсээ гурвуулаа автобусаар гэртээ харилаа. Бороо орж байсан болохоор автобус дүүрэн хүн. Гэхдээ тэр үед 89,90 онд монголчууд өнөөдөрийнхийг бодвол их л боловсон, соёлтой, найрсаг, шахцалдаж чихэлдээлгүй аятайхан автобусаараа үйлчилүүлдэг байсан санагднам.
Гэртээ очоод үнэхээр баярлаж номоо үзэж билээ. Гэхдээ ямар нэгэн үлгэр, уран зохиолын ном байсангүй. Харин геометрийн бас одон орон судлалын хүүхдэд зориулсан, энгийн бөгөөд сонирхолтой бичсэн боловч маш гүн утга агуулгатай ном байсаныг санаж байна. Тухайн үедээ уншиж чаддаггүй ч маш сайн чанарын зурагтай болохоор эхэн үедээ байнга л эргүүлж тойруулж бүх зурагийг нь үздэг байж билээ. Үзэх болгонд унших болгонд өөрөө дотор нь ороод л гариг эрхэсийн хооронд аялаж байна гээд л ... мөрөөдөж өгнө дөө. Одон орон, физикийн ном маань миний сонирхолыг маш ихээр татаж миний хамагийн дуртай ном болсон бөгөөд миний цааш цаашдын сонирхол, хүсэл, үзэл бодолд маш ихээр нөлөөлсөн гэж боддог. Миний уншсан хамагийн анхны шинжлэх ухаанч ном байсан юм. Ээж аав хоёртоо тэр номыг бэлэглэсэнд хязгааргүй ихээр баярлаж байлаа.

Өнөөдөр ахин аав ээждээ хязгааргүй баярлаж байгаагаа хэлэхийг хүснэм.
Одоо надад нэгхэн дуртай номон дотороо биш, хэдэн зуун мянган уншихыг хүссэн "номон далайд" хөвж, хөлбөрөх боломжтой болжээ. Тэр номон далай бол миний хайрт номын сан юм. Номын сангаа магтан дуулж блогтоо бичихээр шийдэв.
Дээрх зураг хичээл номоо хийж буй байдал маань.Орой шөнө болтол суух боломжтой. Орой болохоор оюутаны хөл татраад бараг хүнгүй. Заримдаа нэг давхарт би л ганцаараа сууж байх жишээтэй. Номнуудаа шууд хэрэглэх боломжтойгоор тавиураар ярайтал өрсөн. Хүн төрөлхтөний бүхий л ололт амжилт, алдаа оноо, дэвшил, уруудалтай холбоотой ном энд бий.
Номын тавиурын дундуур алхвал энэ бүх зүйлийг уншиж мэдэж, номын зохиогчтой яриа өрнүүлэх хүсэл ундарна. Аль 2500 жилийн өмнө амьдарч байсан философичоос эхлээд л бүгдэнтэй нь номоор дамжуулж ярилцах боломжтой. Ядаж л юу хэлэхийг нь сонсох хүсэлтэй. Эрдэм мэдлэг, гэгээрэл ухааралын төлөө зүтгэж буй хэн бүхэн номын санд орвол аз жаргал, баяр хөөр гээд нэгэн зэрэг зөндөө олон мэдрэмжийг эдэлнэ.
Биднээс номын сангийн хэрэглэгч болгоноос шаардаж буй нэг л зүйл бол: номоо хайрлах. Номын санд орвол угаас энэ бүхэнийг хайрлахгүй, хүндлэхгүй байхын аргагүй.
Номын сан маань орчин үеийн шинэ тохижилттой. Таван давхар. Хаа дуртай газараа сууж болно. Цонхны хажууд агаарт суух уу, хүн амьтанаас бөглүү мухарт суух уу, тухай өдөрийн ааш, цагийн байдалаас хамаарна.
Бага байхдаа хэзээ нэгэн цагт ийм номон далайд сэлнэ гэж огт бодож байсангүй.

Тиймээс хүн болгон номын их өргөөгөөр зочилох боломжтой байх болтугай!

Sunday, February 7, 2010

Хараал ерөөлийг хариулах арга

Үнэнийг хэлэхэд үнэхээр элдэв янзын бөө удган, хараалч ерөөлчийн хараал ерөөлийг хариулах аргыг би энд бичих гэсэнгүй. Тэгэж найдаж горьдож орж ирсэн хүний урамыг хугалах нь ээ.
Аль олон жилийн өмнө хаа нэгтэй тоглоом шоглоомоор уу, үнэн сэтгэлээс юу нэг зүйл олж уншсан юм.
"Хараал ерөөл хийнэ захиалгаа үлдээнэ үү" гэсэн байв.
Хэрэв үнэн сэтгэлээсээ хэн нэгэн ийм нэгэн үйлчилгээ үзүүлээд эхэлвэл (монголд ч одоо аль хэдийн үүсчихээ биз дээ) би дараах захиалгыг өгөх юм.
Миний захиалга доорх юм:
хараал нь: "чөтгөр аваг! 'хараал ерөөл хийнэ' гэсэн захиалга зарлал г.м. дахин бүү үзэгд!"
ерөөл нь: "дээрх миний өгүүлбэр бат оршиг, хурай хурай хурай".

Миний энэ захиалгыг гүйцэтгэх хүсэлтэй чадалтай хараалч ерөөлч огтхон ч олдохгүй гэдэгт мөрийцсөн ч алдахгүй.

Blog Archive

Popular Posts